Эхийн сэтгэл
Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээ үгүй ээ
Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл маань гэгэлзэж байсан ч
Сарних бодлын үзүүрээс миний хүү гарахгүй юмаа.
Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү раажаваар дуулж байна лээ.
Сайн явна гэнэ миний хүү аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ миний хүү амны зугаа ярьж байна.
Аль нь ч надад ялгаагүй дээ
Амьд яваа чинь л эжийдээ алдар чинь юм шүү дээ
Ижий нь хүүгээ санах юмаа
Араг савар хоёроо зөрүүлэн байж би чамайг боддог
Аргал чулуу хоёрыг андууран түүж би хүүгээ санадаг аа.
Алга аа миний хүү.
Тэмээ тэмээ цагаан үүлийг тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг цав суутал нь би хүүгээ ширтлээ
Ижийдээ ирсэнгүй ээ.
Хүний хүү эжийдээ ирж гэнэ
Гол усаар л нэг найр наадам болж байна
Миний хүү болхоор шоронд орж гэнэ
Голыг минь гогодон хэлж байна.
Аа яадгийм ороо л биз гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа байхдаа миний хүү дотогшоо би өмөлзлөө
Гал шиг залуу явахад минь үсэрсэн оч минь юмсан миний хүү
Ганц бие зандан явахад минь тасарсан навч минь юмсан миний хүү.
Алаг бөмбөлөг эрдэнэ
Алган дээр байна гэж зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод
Амандаа үмхтэл залгичихлаа гэж зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан.
Ядаж яваа юм бол миний хүү тэнэж яваад юу гэхэв эжийдээ л хүрээд ир
Ядарч яваа юм бол миний хүү тэнд байгаад яахнав ижийдээ л хүрээд ир.
Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг
Хөх толгойтой хөгшин хүү минь
Эжийнхээ нүдэнд бол манцуйдаа дэрвэлзэх мяндас цагаан хүү минь
Ижий дээ ирээ.
Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ чамайг аялгая миний хүү эжийдээ ир ээ
Ухаантай даа миний хүү хурай хурай хурай
Унага шиг эжийдээ давхиад ир гурий гурий гурий.