Хүүхэд ном хоёр бол амьдралын салшгүй чухал ойлголт юм. Насанд хүрсэн бид үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Эс бөгөөс үл нөхөгдөх хохирол амсч болно. Хэрвээ хүүхдүүд номын амтанд ороогүй, унших хүсэлгүй болсон байвал түүний бурууг томчууд хүлээх ёстой. Энэ удаа бид хүүхдэд ном сонгохдоо юуг анхаарвал зохих тухай эцэг эхчүүдэд зориулан цөөн зөвлөгөө нийтэлж байна.
Хүүхдийн зохиолд “уран сайхан, утга санаа хамт байдаг бөгөөд өнгө будаг, дуу хөгжим, зураг чимэглэлийн дүрслэл нь ч доторх шигээ чухал байдаг.” Иймээс ч хүүхдийн зохиол бичих, хэвлэх нь амаргүй, онцгой ажилд тооцогддог. Зохиолч хүн уран бүтээлээ туурвихдаа хэлзүйн ур чадвараас гадна дараах хоёр зүйлийг анхаарах шаардлагатай байдаг:
- Номны гаднах үзэмж
- Насанд хүрэгчидийн хүүхдийн ном, хүүхдүүдийн талаарх мэдлэг, мэдрэмж юм.
Ер нь хүүхдийн номонд дараах шаардлагуудыг тавьдаг: номын хэмжээ хүүхдүүдийн нас, хөгжлийн түвшинд тохирсон байх, авч явах, дэлгэж нээхэд авсаархан, бат бөх, цаас нь чанартай, нугас нь тэсвэртэй, үсэг нь хүүхдийн нүдийг ядраахааргүй том, хавтасны өнгө зураг зохицсон, зураг чимэглэл нь анхаарал сонирхол татахуйц өнгөлөг, утга төгөлдөр, ойлгомжтой байх зэрэг юм.
Хүүхдийн номонд тохирсон үг хэллэг хэрэглэн, доторх өгүүллэг нь товч тодорхой, бодит амьдралыг хөгжил хөдөлгөөнтэйгөөр дүрсэлсэн байвал зохино. Учир нь хүүхэд номноос өөрт хамаатай зүйлийг эрэлхийлж байдаг. Хэдийгээр зүйрлэл, дүрслэл их байх боловч амьдралын үнэнээс холдож болохгүй.
Хүүхдийн зохиолч хүн өөрөө хүүхэд шиг элбэг баян хүсэл мөрөөдөл, уран дүрслэлтэй байх нь чухал. Зохиолын үзэл санаа, үйл явдал нь хүүхдэд ойлгомжтой, гол баатрууд нь үлгэр жишээ болгон дуурайхаар хүмүүс байх хэрэгтэй.
Энэ хүртэл ном бэлтгэж байгаа хүмүүс анхаарах зүйлсийг хэллээ. “Хүүхэддээ ном сонгоход нь хэрхэн туслах вэ?” гэж асууж байгаа эцэг эхчүүдээ та бүхэн ном сонгохдоо:
- Хүүхдийн тань үзэл бодлыг тэлж, асуудал шийдэхэд нь туслах, бүтээлч чанарыг нь хөгжүүлэхээр
- Хүүхдэд ертөнцийг танин мэдүүлж, мэдлэг нэмэхээр
- Үндэс угсаа, яс хүйс, соёл иргэншлийг ялгаварлахгүйгээр хүнийг хайрлаж сургахаар
- Гэр бүл, ард түмэн, улс орноо гэсэн зүрх сэтгэлийг бадраахаар
- Үнэнч шударга, эелдэг даруу, зориг хатуужилтай гэх мэт сайн зан чанартай болж төлөвшихөд нь туслахаар
- Yндэсний өв уламжлал, зан заншлаа дээдлэн, ариун нандин бүхнийг нь эрхэмлэж сурахаар
- Төрөлх хэлнийхээ баялаг, яруу сайхныг мэдэрч сурахаар
- Хамгийн гол хүүхдийн нас, сэтгэхүйн өвөрмөц онцлогт тохирсоныг сонгоорой.
Энэ бүхнийг анхааран, хүүхдээ номын дэлгүүр, худалдаагаар дагуулж явах хэрэгтэй. Энд хүүхэд олон төрлийн номыг үзэн, өөрийн сонирхол хэрэгцээндээ нийцсэн номоо сонгон авах баялаг туршлагатай болох юм. Хүүхэд унших номоо өөрөө сонгож, худалдан авч, номын сандаа тавьж уншсаар номын амтанд орох болно.
Хэрвээ танд “сайн ном хүүхдийн сэтгэлзүй, оюун ухааны хөгжилд нөлөөлөх болов уу?” гэсэн бодол төрж байгаа бол “хүүхдийн төлөвшилд уран зохиол маш их нөлөөлдөг.” гэж хэлмээр байна. Мэдээжийн хэрэг сайн ном л сайнаар нөлөөлөх болно.
Хүүхдийн сайн ном нь:
- Хүүхэд амьдрах ухаанд сурч, хүний мөн чанар, өөр өөр зан чанарыг ойлгон, дэлхий ертөнц, улс үндэстэний тухай өргөн мэдлэг олж авах агуу их боломж юм.
- Өөрийгөө таньж мэдэн, боловсруулах, бүх талаараа өв тэгш хувь хүн болоход хамгийн ихээр нөлөөлнө. О.В.Холмес “ном уншихад хүний ухаан хөгждөг.”гэжээ.
- Хүүхдийг уран зураг, хөгжим, урлагийн гоо сайхныг мэдрэхэд нь тусална. Далд байгаа авьяасыг нь нээн хөгжүүлэхэд хөтөлнө.
- Хүүхдийг төрөлх хэлээрээ яруу сайхан ярьдаг, бусдад өөрийгөө зөв зүйтэй ойлгуулдаг чадвартай болгоно.
- Түүгээр ч барахгүй хүүхдийн эрх ашиг, сайн сайхны төлөө бүхнийг өгөх үүрэгтэй.
Тэгэхээр ном бол сайн сайхан бүхнийг хүүхдэд таниулж мэдрүүлэх үүрэгтэй. Тэгвэл “хүүхдийн сэтгэлзүйн үндсэн хэрэгцээ гэж юу вэ? Yүнийг хангаж чадах ном ямар байх ёстой вэ?”гэсэн асуултанд хариулах хэрэгтэй.
Хүүхдийн хэрэгцээг хэдэн зүйлээр ангилж болно.
Хайрлах –хайрлуулах хэрэгцээ: Энэ нь хамгийн энгийн хэрэгцээ юм. Хүүхэд мэдээ орж эхлэх үеэсээ л бүх зүйлийг зөв, тодорхой мэдэж авахыг хүсдэг. Энэ үед нь үлгэр домог, насанд нь тохирсон хариулт өгөх номууд чухал. Хүүхэд төрсөн цагаасаа хайрыг гэр бүлдээ мэдэрч, хайр энэрэлээр дүүрэн гэр бүлийн харилцаа ертөнцийг үзэх үзэлд нь нөлөөлдөг. Аз жаргалтай гэр бүлийн тухай өгүүлсэн ном хүүхдэд гэр бүлийн мөн чанар, зайлшгүй агуулагдах харилцааг таниулахын зэрэгцээ тухайн орчинг бүрдүүлэх хүсэл тэмүүллийг төрүүлдэг. Гэвч хэтрүүлэхгүй байх нь чухал.
Амжилтанд хүрэх хэрэгцээ: Энэ бол хүний гол хүсэл юм. Бага насны хүүхдийн үлгэр, зохиолын баатрууд ихэвчлэн бие махбодийн хувьд ялагч, өөрөөр хэлбэл их хүч чадалтай гэж гардаг. Харин хүүхэд өсөх тусам зүрх сэтгэл, оюун ухааны амжилтууд хүчтэй нөлөөлж эхэлдэг. Энэ үед нь намтар зохиолууд тохиромжтой.
Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ: энэ нь бусдын итгэлийг хүлээхсэн гэсэн хүсэлтэй холбоотой. Хүүхэд эхлээд гэр бүлийн дотор дараа нь найз нөхөд гээд хүрээгээ улам тэлсээр итгэлийг нь олох хүсэл төрнө. Харин багаасаа найз нөхөдтэй болоогүй хүүхдүүдэд бэрхшээлийг даван туулж байгааг үзүүлсэн өгүүллэгүүд тус болж байхад арай том болсны дараа нь үндэсний баатарлаг туульс, тууж, олон үндэстэн ястны хүүхдийн зохиол, романууд тустай байдаг.
Тоглох наадах хэрэгцээ: Энэ бол дүрэм журам, болохгүй бүтэхгүйгээр дүүрэн томчуудын уйтгарт ертөнцөөс ялгарах гол зүйл юм. Үүнд нь чиглүүлэн шог хошин зохиол, амьтдын тухай үлгэрүүд, мөрөөдлийн ертөнцөөр аялуулах үлгэр, шинжлэх ухааны адал явдалт зөгнөлт зохиол, уянгын шүлэг, зурагтай роман зэрэг бүтээлүүд тохирно.
Гоо сайхны хэрэгцээ: хүн төрөлхтний гоёж гоодох хэрэгцээнээс үүссэн бөгөөд хүүхэд төрөхөөсөө л гоо сайхны мэдрэмжтэй байдаг. Хүүхдийн энэ хэрэгцээг хөгжүүлэхийн тулд уран сайхны талаас хүчтэй нөлөөлдөг, зураг чимэглэл нь үзэмжтэй бүтээлийг хүүхэддээ өгөх хэрэгтэй.
Хүүхдийн хэрэгцээг хүлээн зөвшөөрч, анхааран сонгосон номоор хүмүүжсэн хүүхдийн бие хүнийг зөв төлөвшүүлэн, цаашдаа өөрийн амьдралыг бодитой болгох боломжийг хангах нь томчуудын үүрэг юм. Хүүхдийн зан чанар нь үлгэр дуурайл авдаг хүмүүстэйгээ удаан хугацаагаар харилцсаны үр дүн байдаг.
Хүүхдийн тархинд ойролцоогоор 10 сая орчим эс агуулагддаг, зохион байгуулалт нь ямарч компьютероос илүү нарийн тогтолцоотой гэдгийг бид мэднэ. Иймээс хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг хэцүү боловч энгийн, мөн авьяас чадвар, асар их мэдлэг шаардсан ажил бөгөөд хүүхдэд шүүмжлэлээс илүү үлгэр дуурайл хэрэгтэй байдаг. Энд таны хамгийн ойр дотно, ухаантай туслагч бол ном юм.
“Хүүхэд 6 нас хүрэхэд бие хүн болох суурь нь тавигдсан байдаг бөгөөд ирээдүйд амжилттай байх эсэх, ямар хүнтэй гэр бүл болох, энэ нь насан туршид нь үргэлжлэх эсэхийг тодорхойлдог хүчин зүйл болдог.”гэж үздэг. Орчин үеийн судлаачид хүүхдийн бага насанд ном маш их нөлөөлдгийг нотолжээ.
Та хүүхдийнхээ төлөө анхаарч, түүнд тохирсон ном зохиолыг зөв сонгож өгдөг, уншуулдаг дадалтай болгож чадсан бол хүүхэд тань зөв хүмүүжиж чаджээ. Та түүний ирээдүйд санаа зовох хэрэггүй. Тэр гайхамшигт номоос ихийг ойлгож байдаг. Тиймээс та хүүхдээ номтой нөхөрлүүлээрэй.